Пробиотик болон пребиотик гэж юу вэ?
Гэдэсний эрүүл байдал нь нарийн гэдэсний хучуур эд, хучуур эдийн дархлааны тогтолцоо болон гэдэсний бичил биетүүдийн эрүүл тогтолцоо харилцан үйлчлэлээс бүрдэж байдаг. Гэдэсний үрэвслийн үед бие махбодийн дархлааны тогтолцоо болон гэдэсний бичил орчний харилцан үйлчилгээний зохицуулага алдагдсан байдаг.
Өвөрмөц пробиотикууд буюу бие махбодид ашигтай амьд микробууд-Propionibacericum Lactococcus, Lactobacillus, Bifidobacterium, пребиотикууд буюу бие махбодид ашиг тустай сонгомол ферментлэгч бодисууд- инулин, лекстран, олигосахарид, галактоолигосахарид, фруктоолигосахарид, лактулоза нь гэдэсний бичил орчны үйл ажиллагаа, бүтэц найрлагыг өөрчлөх хэрэгслүүд юм.
Өвөрмөц пробиотикуудын тааламжтай нөлөө нь гэдэсний бичил орчныг өөрчлөх, эмгэг төрүүлэгчдийн үржилтээс сэргийлэх, дархлааны урвалд нөлөөлөх, хоргүйжүүлэх, К, В бүлгийн амин дэмийг нийлэгжүүлэх, хоол боловсруулалтыг сайжруулах юм. Пребиотикууд нь пробиотикууд буюу ашигтай бичил орчны үүсэх хөрс нь болж өгдөг. Байгалийн гаралтай пребиотикууд нь сүү сүүн бүтээгдэхүүн, үр тариа, сонгино, эрдэнэ шиш, талх, банан, вандуй, шош, аспарагус, артишок г.мийн олон төрлийн хүнсэнд агуулагддаг байна.
Хөхний сүүнд пробиотик болон пребиотик нь хоёул агуулагддаг. Бифидус хүчин зүйл нь пробиотик үйлчилгээтэй бөгөөд гэдэсний ашигтай бичил биетүүдийн өсөлт хөгжлийг дэмжиж өгдөг бол хөхний сүүний олигосахаридууд нь пребиотикийн үүргийг гүйцэтгэдэг. Харин хүүхдийн сүүн холимогуудад амьд бичил биетүүд болон олигосахаридуудыг нэмж хийснээр хүүхдийн эрүүл байдлыг хангаж өгдөг