top of page

Нярай насны онцлог



Нярай нас гэдэг нь төрснөөс эхлэн 28 хоног буюу 4 долоо хоногийн хугацааг хэлдэг. Энэ үе нярай хүүхдэд ч аав ээж нарт ч “хэцүү” үе байдаг. Хүүхдийн биед энэ 4 долоо хоногийн хугацаанд эхийн хэвлийгээс тусдаа амьдрах гадаад орчинд дасан зохицох хамгийн чухал өөрчлөлтүүд явагддаг. Энэ өөрчлөлтүүд яаж явагдахаас хүүхдийн дараагийн өсөлт хөгжил ихээхэн хамаарна.


Анхны уйлах дуунаар эдгээр өөрчлөлтүүд дөнгөж эхэлдэг. “Физиологийн нормын хил хязгаарын шинж тэмдгүүд” гэж нэрлэгддэг завсрын үеийг тодорхойлох шинжүүд болох жингийн алдагдал, дааврын хямрал, нярайн улайлт, гуужилт, нярайн шарлалт, түр зуур халуун ихсэх, түр зуурын дархлаа хомсдол г.м шинжүүд ажиглагддаг. Энэ хугацааны төгсгөлд нярайн хүйн шарх эдгэрч, шарлалт бүрэн алга болсон байхаас гадна хүүхдийн өтгөн бүрэн хэлбэржиж, цусны бүтэц тогтворжиж, биеийн температур хэвийн болно.


Гэвч нярайн бие махбодь эрхтэн тогтолцоо боловсорч дуусаагүй л байна. Биеийн жингийн ихэнх хувийг ус эзэлдэг, эд нь эмзэг хэврэг, үйл ажиллагааны хувьд дулимаг байдаг. Гадны халдварт тэсвэрлэх чадвар маш сул байдаг. Тиймээс эмч нар хүүхдийн нүх сүв (хамар ам чих нүд анус, бэлэг эрхтэн) болгоныг халдвар орох үүд гэж үздэг. Энэ үед нярай хүүхдийг яаж асрах нь зөв бэ. Хүүхдийг гадаад орчны таагүй нөлөөнөөс хамгаалж өсөн торних тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх нь хамгийн зөв асаргаа юм.


Дээр дурьдсанчлан энэ үед халдварт амархан өртөх эрсдэлтэй байдаг тул халдвар ариун цэврийн дэглэмийг сайтар сахисан байх шаардлагатай. Хүүхдийн байрлаж буй тасалгааны температур нь 20-22 хэм байвал хамгийн тохиромжтой гэж үздэг. Хүүхдийг төрснөөс нь эхлэн сэрүүн нөхцөлд дасгах нь хүүхдийн чийрэгжүүлэлтэд ач холбогдолтой байдаг. Хүүхдийг хэт халуун байлгах бигнэх нь буруу юм.


Хүүхдийг төрсний дараа хөхийг нь шууд амлуулдаг. Хүүхдээ хөхүүлэхдээ зөв амлаж байгаа эсэх, хий соролгүй зөв хөхөж байгаа, хамраараа амьсгалж чадаж байгаа зэргийг байнга ээж нь хянах хэрэгтэй. Хүүхдийн хамар бага зэрэг битүүрэхэд л хүүхэд хөхөө хөхөх боломжгүй болдог. Хүүхдийг заавал өдөр болгон усанд оруулах шаардлагагүй байдаг. Хэрэв хүүхэд усанд орсны дараа амархан тайвширч, усанд орохдоо дуртай байвал өдөр болгон оруулж болох юм. Харин усанд ороход түвэгтэй, хүүхэд усанд орохдоо их уйлж байвал өнжөөд эсвэл заримдаа хоёр хоноод ч оруулж болно.


Эхний сард усанд оруулахдаа зөвхөн усанд булхуулан угаах бөгөөд саван шампунь хэрэглэхгүй байх нь зохистой. Ихэнх нярай хүүхдүүд хоногт 20-22 цаг унтдаг. Гэвч энэ үе нь дасан зохицлын үе учраас зарим хүүхдүүд арай бага унтаж болно. Хүүхдийг чанга өлгийдөх нь тийм ч зохимжтой хувцаслалт биш юм. Орчин үед хүүхдийг төрсөн цагаас нь хувцас өмсгөн сул өлгийдөх болсон. Чанга өлгийдүүлэн унтдаг хүүхдүүд том болсон хойноо ч сул чөлөөтэй унтах дургүй болох хандлагатай байдаг. Нярай насны төгсгөлд хүүхэд ээжийгээ бүрэн таньдаг болж эх хүүхдийн дунд хамгийн бат холбоо үүсдэг.


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page