Үнээний сүү хүүхдэд тохиромжтой хоол мөн үү?
0-1 хүртэлх насны хүүхдэд хамгийн тохирсон хоол тэжээл бол хөхний сүү юм. Хөхний сүүний орц найрлага нь хүүхдэд хамгийн сайн зохицолдсон, амархан шингэдэг, өсөлт хөгжлийг нь бүрэн хангаж өгдөг бүтээгдэхүүн юм. Одоог хүртэл хүн төрөлхтөн эхийн сүүг бүрэн орлуулах зүйл бүтээж чадаагүй нь хөхний сүү нь байгалийн төгс бүтээл гэдгийг баталж байдаг. Монголчууд эрт дээр үеэс хөхний сүүгээр хүүхдээ хооллох боломжгүй үед хүүхдээ малын сүүгээр хооллодог байсан уламжлалтай.
Энэхүү уламжлал одоог болтол хадгалагдсаар ирсэн. Гэвч малын тэр дундаа үнээний сүү нь бага насны хүүхдэд тохирсон хоол мөнүү.Үнээний сүүний хамгийн том сул тал бол уургийн өндөр агууламж юм. Хөхний сүүний уураг нь сийвэнгийн уураг байдаг бол үнээний сүүний уураг нь казеины уураг давамгайлж байдаг. Хөхний сүүнд уураг нь 100 мл-т 0,9-1,2г байдаг бол үнээний сүүнд дунджаар 100 мл-т 3,5г уураг агуулагддаг. Уураг их байх тусам хүүхдэд сайн юм бишүү гэсэн асуулт зүй ёсоор тавигдана.
Үнээний сүүний уураг нь инсулин төст өсөлтийн хүчин зүйл 1 (IGF 1) болон өсөлтийг түргэтгэдэг болох нь судалгаагаар нотлогдсон. Сүүний уураг нь их хэмжээтэй байвал (эхийн хөхний сүүнээс 3 дахин их) хүүхдэд ахлах насанд нь таргалалт үүсэх магадлал нэмэгддэг, түүнчлэн таргалалтаас үүсэх бодисын солилцооны эмгэгүүд болох даралт ихсэх, судас хатууралт, чихрийн шижин үүсэх магадлал өндөр болдог.
Үнээний сүүний дархлаа дэмжих чадвар, хүүхдийн өсөлт хөгжилд хэрэгцээтэй шим тэжээлийн бодисын агууламж, боловсролт нь хөхний сүүнийхээс хэд дахин дутуу байдаг. Өдөрт 500 мл үнээний сүү хэрэглэх нь 12 сартай хүүхдийн хоногийн илчлэгийн 38%ийг хангах боловч тухайн насны физиологийн нормоос 50%-иар их уургийг авдаг болох нь тогтоогджээ.
Түүнчлэн өдөрт 500 мл-ээс дээш үнээний сүү хэрэглэх нь хүүхдэд төмөр дутагдлын цус багадалт үүсэх магадлал бий болгодог.