top of page

Өвлийн зугаалга


Гадаа аль хэдийн жавар тачигнан, хөл доор цас чахарсан өвлийн улирал айлчлан иржээ. Нялх бага насны хүүхэдтэй ээжүүд хүүхдээ хэрхэн гадаа гаргаж агаар амьсгалуулах вэ хэмээн санаа зовж байдаг. Ялангуяа таны хүүхдийн анхны өвөл бол энэ нь санаа зовох давхар шалтгаан болдог. Гэвч өвлийн зугаалгын дүрмийг мэддэг бол бяцхан үртэйгээ өвөл ч гэсэн таатай зугаалж болно. Өвөл төрсөн нярай хүүхдийг хэзээ салхилуулж болох вэ гэсэн асуулт байнга тавигддаг. Хэрэв хүүхдийн арьсан дээр идээт тууралт, их хэмжээний нуралт болон бусад гэмтэл байхгүй, хүй цөглөсөн, хүүхэд эрүүл бол гэртээ гарснаас хойш 3-4 хоногийн дараа гаргаж болно. Гэхдээ эхлээд хүүхдийг дасгах зорилгоор 2-3 удаа тагтан дээрээ 10-15 минутаар гаргах нь зөв байдаг.


Анхны гаралтыг дулаавтар салхигүй, хур тунадасгүй өдөр сонгох хэрэгтэй. Гадаа температур -5 хэмээс доошгүй байвал зохимжтой. Эхний удаа 15-20 минут хангалттай байдаг. Хүүхдийн хамрын хөндий нарийн байдаг учир хүйтэн агаар бүлээцэж амждаггүй тул 1 нас хүртэл -15 хэмээс доошгүй үед хүүхдээ гаргах хэрэгтэй. Залуу ээж нарын хамгийн их айдаг зүйл бол хүүхдээ дааруулах айдас байдаг. Тиймээс ч хүүхдээ өвөл гаргахдаа хамгийн дулаан зузаан бүхнийг давхарлан өмсгөдөг. Олон давхар хувцас өмсгөх тусам дулаан байна гэсэн үг бишээ.


Өвлийн хувцаслалтын алтан дүрэм бол өөрийн өмссөн хувцас дээрээ “нэг давхар хувцсыг нэмж өмсүүлэх” юм. Учир бага насны хүүхдийн дулааны зохицуулга гүйцэд хөгжөөгүй байдаг тул амархан халууцдаг. Тиймээс хүүхэд хурдан хөлөрдөг. Ингэснээр хүүхэд жиндэн даарч эхэлдэг. Хүүхдээ хувцаслах дараалал-эхлээд ямар нэгэн хөвөн даавуун урт ханцуйтай цамц өмсгөөд дээр үстэй даавуун цамц өмсгөнө. Богино өмд эсвэл памперс өмсгөн оймстой өмд давхарлан өмсгөнө. Даавуун малгайн дээр давхарлан ноосон эсвэл үстэй малгай өмсгөнө. Ингээд зузаан комбинезон өмсгөөд хөлд нь ноосон оймсон дээр үстэй өвлийн гутал өмсгөн гарт нь өвлийн бээлий өмсгөөд та хүүхдээ авч гарахад бэлэн болно.


Гарахаасаа 15-20 минутын өмнө хүүхдийн нүүрэнд хүүхдийн тос эсвэл вазелин түрхвэл хүүхдийн нүүр хөлдөхөөс хамгаалж өгдөг. Хүүхдээ тэргэн дээр авч гарах бол дулаан хөнжлөөр давхар хучвал салхинаас хамгаалж өгдөг. Гадаа байхдаа хүүхдээ даарсан үгүйг мэдэхийн тулд хамрын хянга, хүзүү, гарыг нь барьж үзэхэд дулаахан байвал хүүхэд тань даараагүй байна гэдгийг илэрхийлнэ. Ямар ч хүйтэнд хүүхдийн ам хамрыг ороолтоор битүүлж битгий боогоорой. Учир нь ороолт амархан цантаж хөлдөн хүүхдийг дааруулж эхэлдэг.


Хүүхдийг эхнээсээ өвлийн агаараар зөв амьсгалуулж сургавал дараа нь хүүхдийн ам хамрыг битүүлж боох шаардлагагүй болдог. Нялх хүүхдийн хацрыг ороолт үрснээр арьс нь улайж гэмтэж болно. Харин хүзүүгээр нь ороолт зүүвэл илүү зөв байдаг. Хүүхдээ гаргахаасаа өмнө хамрыг нь сайтар цэвэрлэж өгөөрэй. Хүүхэд хамраараа бүрэн амьсгалж байх ёстой.



Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page