Ханиад томуунаас гэрийн нөхцөлд хэрхэн сэргийлэх вэ?
Сургууль цэцэрлэг цуглан намар цаг ирэхтэй зэрэгцэн ханиад томууны улирал ч бас эхэлдэг. Дөнгөж хүүхдээ цэцэрлэгт өгч эхлэнгүүт хүүхэд нь халууран, нус нь гоожиход ээж болгон хүүхдээ цэцэрлэгт өгөхүү байхуу гэсэн асуулттай тулгардаг.
Хүүхэд ер нь жилд хэдэн удаа амьсгалын замын хурц халдвараар (АЗХ) өвдөх ёстой юм бэ. Миний хүүхэд яагаад ингэж их өвддөг юм бэ гэдэг асуултыг аав ээж нар их тавьдаг. Орчин үед хүүхэд сард нэг удаа ямар нэгэн хүндрэлгүй АЗХ-аар өвдөхийг, өөрөөр хэлбэл жилд 10-12 удаа өвдөхийг хэвийн гэж үздэг.
Тэгэхээр таны хүүхэд тийм их өвддөг хүүхэд мөнүү. Гэлээ гээд бүх л аав ээж нар хүүхдээ өвтгөхгүйг л хичээх нь мэдээж юм. Харин яаж урьдчилан сэргийлэх вэ.
Хамгийн энгийн арга бол та болон таны гэр бүлийнхэн бүгдээрээ ариун цэврийг маш сайн сахих явдал юм. Гэртээ байгаа нь ч гаднаас орж ирсэн нь ч гараа маш сайн угаадаг ялангуяа хоол идэх, бие зассаны дараа тэртусмаа угааж занших нь чухал юм.
Хүйтний улиралд гаднаас орж ирээд хамар амаа угааж зайлах, хоолойгоо жамц давс, тамедин, фурациллины уусмалаар зайлах г.м энгийн боловч үр дүнтэй хэвшлүүдийг хийгээд заншчихвал өвдөлт эрс буурдаг.
Түүнчлэн нялх хүүхэд дээрээ гаднаас орж ирээд 15-20 минутын дараа очдог болчихвол бяцхан үрдээ гаднаас авчирсан нян вирусээ өгөхгүй байна гэсэн үг юм. Түүнчлэн гаднаас маш их даарч орж ирвэл хоолойгоо зайлан хөлөө халуун бүлээн усанд дүрээрэй. Ер нь хүйтний улиралд халуун бүлээн шингэнийг ихээр уух нь маш их тустай. Биеэс вирус шээсээр маш их гадагшилдаг.
Түүнчлэн гэрээ тогтмол агааржуулан чийгшүүлэх нь вирус үржих нөхцлийг багасгадаг. Харин өвчний шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандаарай.